[Банк] Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо
Агуулга

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдаан амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Уламжлал болсон энэхүү уралдаанд өмнөх жилүүдэд дунджаар 20–45 судлаачийн бүтээл ирдэг байсан бол энэ жил 200 гаруй судлаач 79 судалгааны бүтээлээ ирүүлж, эцсийн шатанд 7 бүтээл шалгарч, шүүгчдийн өмнө бүтээлээ танилцуулсан юм. Залуу судлаачид нийгэм, цаг үеийн тулгамдсан асуудлыг оновчтой дүгнэж, гарах үр дагаврыг нарийн тооцоолон, шийдвэрлэх арга замыг ч хамтад нь эрэлхийлж байгаагийн дээр бодит өгөгдөлд тулгуурласан судалгааны шинэ арга зүйг ашиглан судалгаагаа хийж байгааг шүүгчид онцлон сайшаав.

Монголбанкны дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан тус уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулах арга хэмжээг Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нээж үг хэлэхдээ, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах энэхүү уралдаан бол банк санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын хувьд томоохон шалгуур, бас тэдний оролцохыг хүсдэг уралдаануудын нэг. Энэ уралдаанд оролцсон оюутнуудын дундаас Төв банканд ажиллаж байгаа хүмүүс ч цөөнгүй бий. “Залуу судлаач” уралдаан жилээс жилд улам өргөжин тэлж байгаад баяртай байна гэв. Харин Монголбанкны дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Х.Анхсүрэн ‘Залуу судлаач’ шилдэг бүтээлийн уралдаан бол цөөн хүний хооронд өрсөлдөх тэмцээн бус, харин эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй оюутан, залуусыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулах үйл явцад оролцох боломжийг нь нэмэгдүүлэх, ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн Монголбанкны хүний нөөцийн бодлогын нэг чухал хэсэг юм хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл0